Крипто:
152
Бирж:
7
Дотоодын зах зээлийн үнэлгээ:
₮301,216,731,627.22
Нийт 24ц хэмжээ:
₮51,906,743.05
USD
MNT
2008 оноос өмнө блокчэйн нь компьютерын шинжлэх ухаанд мэдээлэл хадгалах, дамжуулах арга төдий байжээ. Харин өнөөдөр блокчэйн нь 4 дэх аж үйлдвэрийн хувьсгал хэмээн өргөмжлөгдөөд байгаа билээ. Тэгвэл даруухан эхлэлтэй блокчэйн технологийн гарал үүсэлтэй хамт танилцъя.
Чимх баримтууд:
Блокчэйны эхлэл
Криптограф шифрлэлтээр хамгаалагдсан блокуудын сүлжээг 1991 онд Стюарт Хабер, В.Скотт Скорнетта нар танилцуулсан ба энэ нь бичиг баримтын бүртгэлийг цагийн дараалалтайгаар “гинжин хэлхээ” (Chain) болгон хадгалах өвөрмөц шийдлийг санаачилсан байдаг. Үүний дараа 1992 онд криптограф судлаач Дворк, Наор нар тухайн үед асуудал болоод байсан спам имэйлүүдийг ялгах системийг санаачилжээ. Энэхүү систем нь имэйлүүдэд жижигхэн бодлого бодох шаардлагыг тавьсан нь улмаар Биткойны “Ажлын баталгаа” зөвшилцлийн алгоритм болон хөгжсөн байдаг.
Биткойн анхдагч байсан уу?
1983 онд криптограф судлаач Дэвид Шаум нууцлалтай болон аюулгүйгээр гүйлгээ хийх электрон мөнгөний талаар санаачилсан байдаг. Тэрээр 1990 онд eCash нэртэйгээр энэхүү санаагаа хэрэгжүүлсэн нь анхны криптограф ашигласан мөнгө болсон байдаг. Тэгвэл үүнээс хойш, B-money, Bit Gold, Hashcash зэрэг шифрлэлт ашигласан олон оролдлогууд байсан нь өнөөдрийн Биткойны эхлэлийг тавьжээ.
2008 оны хямрал ба Биткойн
2008 он бол хямралын нөлөөгөөр олон нийтийн банкинд итгэх итгэл хамгийн доод хэмжээнд хүрч, банкнуудаас татгалзах эрмэлзэл хамгийн өндөр байсан үе. Энэ үед Сатоши Накамото гэх нууцлаг эрхэм “Биткойн: Тархмал Электрон Мөнгөний Систем” гэх гарчигтай whitepaper-г тухайн оны 10 сард олон нийтэд танилцуулсан байдаг. Биткойн нь банкны системээс гадуурх мөнгө болох зориулалттай бөгөөд төвлөрсөн бус байдал нь хэрхэн итгэлцлийн асуудлыг үгүй хийж байгаа талаар тайлбарласан байдаг. Тэрээр “Биткойн сүлжээн дээрх гүйлгээг бүх хүн харж болох бөгөөд энэ нь банк мэт төвлөрсөн системд итгэх шаардлагыг үгүй хийж байгаа” хэмээн тайлбарлажээ.
Улмаар, 2009 оны 1 сард анхны Биткойны блок олборлогдсоноор Биткойн сүлжээ болон блокчэйн технологи мэндэлсэн гэж үздэг.
Дараагийн дугаараар Биткойн болон түүний санаачлагч Сатоши Накамототой танилцах болно.